Засгийн газраас гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулснаар ирэх даваа гаригаас зарим үйлчилгээний байгууллагын үйл ажиллагааг нээхээр болсон. Үүнтэй холбоотойгоор үйл ажиллагаагаа эхлүүлж байгаа байгууллагуудад эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэмийг сахин мөрдөж, хүнсний аюулгүй байдлыг хангаж ажиллах талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас мэдэгдэл хүргүүлж байгаа аж. Энэ талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюушаас тодруулга авлаа.  

“Үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэгжүүд үйл ажиллагаа эхлэхийн өмнө ажлын байранд их цэвэрлэгээ хийх, тусгай зөвшөөрөлтэй ахуйн шавьж, мэрэгч устгал, халдваргүйжүүлэлтийн үйлчилгээ эрхлэгч байгууллагаар халдваргүйжүүлэлт хийлгэх учиртай” хэмээн тэрбээр хэлсэн. Мөн үйлчилгээний танхимын суудлын тоог 30-50 хувиар цөөлөх, нэг ширээнд хоёр хүн суухаар тооцоолон ширээ сандлыг байршуулах,  үйлчлүүлэгч хоорондын зайг 1.5-2 метр байх нөхцөлийг бүрдүүлж ажиллах ёстой гэлээ.

Үйл ажиллагаагаа эхлүүлж байгаа байгууллагууд шаардлагатай цэгүүдэд гар халдваргүйжүүлэгч байршуулах, халуурсан болон шинж тэмдэг илэрсэн ажилтанг түр тусгаарлах өрөөг гаргах юм байна. Мөн QR кодыг qr.119.mn сайтаас зааврын дагуу хэвлэн авч, иргэдийн орох хэсэгт ил харагдахаар байршуулж бүртгэлжүүлэх, эсвэл qr.ulaanbaatar.mn сайтыг ашиглан зааврын дагуу үйлчлүүлэгчийн иргэний үнэмлэхийн QR кодыг байгууллагын албан хаагч, ажилтан уншуулж бүртгэлжүүлэх ажлыг хийх зэрэг өдөр тутмын үйл ажиллагаандаа мөрдөн ажиллах аж.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас гаргасан хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч, иргэдийн өдөр тутмын үйл ажиллагаанд мөрдөх зааварчилгаа бүхий мэдэгдлийг дараах хавсралтаас татаж үзнэ үү.

Энэхүү мэдэгдлийн дэлгэрэнгүйг  доорх холбоос хавсралтаас татаж үзнэ үү. 

хавсралт.pdf 

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Хуваалцах: