Эх орныхоо хөгжил дэвшил, ирээдүй хойч үеийнхээ сайн сайхны төлөө залуу нас, мэдлэг боловсрол, хөдөлмөр зүтгэлээ харамгүй зориулсан азай буурлууд Та бүхэндээ Олон улсын ахмадын өдрийн халуун мэндийг дэвшүүлье.

Үндэсгүй мод, ундаргагүй булаг гэж хаана ч үгүй. Энэ өдөр бол ахмадууд та бүхний минь улс орон, нийслэл хотынхоо хөгжил цэцэглэлтийн төлөө залуу нас, халуун сэтгэл, харамгүй зүтгэлээ зориулсныг онцлон тэмдэглэж, хүндэтгэл үзүүлэх өдөр юм.

Та бүхнийхээ ажил, амьдралын гайхам үнэ цэнэтэй баялаг туршлагыг хойч үедээ үлгэрлэн өвлүүлэх, он цагийн шалгуураар тунаж шигшигдсэн мэргэн сургаал зөвлөгөөг тань сонсох, бүтээн бий болгосон бүхнээр тань бахархаж явахад энэ өдрийн бас нэгэн утга учир оршдог билээ.   

Төр засгаас ахмад настнуудынхаа эрх ашгийг баталгаажуулж, хууль эрх зүйн таатай орчныг бүрдүүлсэн бөгөөд нийслэлийн зүгээс ахмадуудынхаа амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн шат дараатай олон арга хэмжээ авч ажиллаж байна. Ахмад настнуудын эрх ашгийг хамгаалсан, тэдний амьжиргааг дэмжсэн шийдэл үйл ажиллагааг нийслэлийн удирдлагын баг ямагт дэмжин ажиллаж, цаашид гаргах бодлого шийдвэртээ ч тусгайлан анхаарч ажиллах болно.

Азай буурлууд та бүхэн минь энх тунх, эрүүл саруул байж, энгүй сайхан жаргаж явахын ерөөлийг чин сэтгэлийн угаас хүсэн ерөөе.

Хуваалцах: