Тулгар төрийн 2228 жил, Их Монгол улс байгуулагдсаны 813 жил, Ардын хувьсгалын түүхт 98 жилийн ойн наадмын бөхийн барилдаан болж дууслаа.

Энэ жилийн наадмын үзүүр түрүүнд Улсын аварга Н.Батсуурь, Улсын арслан Э.Оюунболд нар тунан үлдсэн. Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат аймгийн начин Энхтөгсийн хүү Э.Оюунболд ес даван түрүүлж Хэнтий аймгаас ийнхүү 30 жилийн дараа аварга төрлөө.

Түүний хувьд улсын баяр наадмаар өнгөтэй, хөнгөн барилдаж үзэгч олон түүнийг “2012 онд түрүүлсэн үеийнх шигээ хөнгөн байна” хэмээн хэлэлцэж байсан. Олны нүд алдсангүй...

Түүний хувьд өнгөрсөн жилийн наадамд тавын даваанд өвдөг шороодсон. Гэвч энэ жил бэлтгэл сургуулилтаа чамбайруулж, үнэн хүчээр Улсын баяр наадамд ес даван түрүүллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, түүнд Улсын аварга цол, тэмдгийг нь гардуулж түүнд Дархан аварга болохыг санууллаа. 

Түүний багш Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат Монгол Улсын далай даян дархан аварга, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Б.Бат-Эрдэнэ нулимс дуслуулан баяр хүргэсэн юм. 

Тэрбээр сэтгэгдлээ хэлэхдээ "Хэнтий аймгийн 10 дахь аварга болсондоо баяртай байна" гэв. 

 

Харин Улсын аварга Н.Батсуурь "Шударга эрэмбийнхээ төлөө барилдсан. Одоо эрэмбээрээ Эрхэмбаяр, Санжаадамба аваргын дээр гарлаа. Үнэн ялах байхаа" гэв.

 

Хуваалцах: