Өнөөдөр Чөлөөлөх дайны ялалтын 75 жилийн ойн өдөр. Чөлөөлөх дайны үр дүнгээр Монгол улс тусгаар тогтнол бүрэн эрхт байдлаа олж авсан нь түүхэн үнэн. Монгол цэрэг дайснаа дарж даян дэлхийд энхийг сахиулах үүргээ нэр төртэй биелүүлсэн нь няцаашгүй үнэн.


Тиймээс жил бүрийн 9 дүгээр сарын 2-нд тусгаар тогтнол, эрх чөлөөний үнэ цэн ямар үнээр олдсоныг санан дурсаж эх орныхоо төлөө алтан амь бүлээн цусаа зориулсан баатарлаг цэрэг эрсээрээ бахархах ёстой. Энэ ч утгаараа Чөлөөлөх дайны 75 жилийн ой бол Монгол хүн бүрийн сэтгэл зүрхэндээ догдлон хүлээдэг тийм л баярын өдөр байх учиртай.
Энэхүү өдрийг тохиолдуулан Батлан хамгаалах яам, ЗХЖШ, Нийслэлийн засаг даргын тамгын газар, БНХАУ, ОХУ-ын ЭСЯ-ны цэргийн атташе, Дайнд оролцогчдын монголын хорооны төлөөлөл хамтран Чөлөөлөх дайнд оролцсон ахмад дайчдын гавьяаг алдаршуулах, Чөлөөлөх дайны ялалтын ач холбогдлыг таниулах зорилгоор түүхэн өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна. 

Чөлөөлөх дайнд оролцсон ахмад дайчдын гавъяаг алдаршуулж Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга Төрийн одон медаль гардуулж өглөө. Мөн Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г. Сайханбаяр салбарын шагнал, НЗДТГ-аас мөнгөн тусламжийг олгосон юм.
Чөлөөлөх дайнд оролцсон Монгол Ардын Хувьсгалт цэргээс 94-103 насны 78 хүн өдгөө энх тунх амьдарч байна. Эдгээр дайчдын төлөөлөл болгож зарим ахмад дайчинд төрийн одон, медаль гардуулах ёслолын үйл ажиллагаа өнөөдөр Офицеруудын ордонд боллоо. Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга гардуулан өгсөн юм. Сүхбаатарын одонгоор Эрэнцэнгийн Лувсанбалданг, Цэргийн гавьяаны Улаан тугийн одонгоор Гончигийн Батмөнхийг, Цэргийн гавьяаны одонгоор Тогтохын Цэдэндамба, Цэрэнхандын Даш, Шаравын Аварзэд, Дугаржавын Жигмэд, Доржийн Дашхүү, Чойжилын Лувсандорж, Сангидоржийн Ванчигдоо нарыг, Алтан гадас одонгоор Паньдлхүндэвийн Дашцэдэн, Сүвээлийн Дуламсүрэн, Дайнд оролцогчдын Монголын хорооны нарийн бичгийн дарга Готовын Лүндэн нарыг, Цэргийн хүндэт медалиар Шагдарын Цэдэндамба, Тогоочийн Лувсан, Галсанрэнцэнгийн Цэрэнлхам нарыг тус тус шагналаа.

 

Хуваалцах: