Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Нийслэлийн харьяа газар, агентлагуудын зүгээс 2020 оны есдүгээр сарын 21-ээс 25-ны өдрүүдэд Улаанбаатар хотын хэмжээнд хийсэн томоохон ажлууд болон хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан оролцсон арга хэмжээ, өгсөн үүрэг даалгавар, бүтээн байгуулалтын ажлуудтай холбоотой мэдээ мэдээллийг тоймлон хүргэж байна.

Нийслэлийн хороодын албан хаагчид харилцан суралцаж, сайн туршлагаа хуваалцаж байна

Улаанбаатар хот, Швейцарын хөгжлийн агентлаг (ШХА)-ийн санхүүжилтээр Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Азийн сан хамтран хэрэгжүүлж буй “Хотын засаглалыг сайжруулах” төсөл нь нийслэлийн Сургалт, судалгааны төвтэй хамтран хороодын сайн туршлага, тэргүүний арга барил, аргачлалыг нээн илрүүлж, харилцан туршлагаа хуваалцах, хамтдаа хөгжих боломж нөхцөлийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой “Нийслэлийн хороодын харилцан суралцах арга зүйн форум”-ыг зохион байгууллаа. Харилцан суралцах арга зүйг ашиглан “Сайн туршлага тодорхойлох, танилцуулах, түгээн дэлгэрүүлэх” хэлэлцүүлгүүдийг хороо, дүүргийн түвшинд 2020 оны долоодугаар 2-оос есдүгээр сарын 15-ны хооронд зохион байгуулсан бөгөөд 144 хороо өөрсдийн сайн туршлагаа ирүүлснээс нийт 27 сайн туршлага шалгарсан байна.

Залуучуудын ногоон наадмын спортын цогцолбор ирэх онд ашиглалтад орно

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Ц.Шаравжамц болон холбогдох албаныхан биеийн тамир, спортын салбарын бэлтгэл сургуулилтын төв, орчин нөхцөл болон хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлын явцыг шалгалаа. Залуучуудын ногоон наадмын спортын цогцолборын тухайд нийт 10000 м3 талбайтай бөгөөд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрэээнд баригдаж байна. Олон улсын залуучуудын ногоон наадам 18 байршилд зохион байгуулагдах юм. Энэхүү цогцолборт 60 хүнийг хүлээн авах хүчин чадалтай буудал, олон улсын стандартад нийцсэн фитнесс төв байгуулагдах аж. Уг цогцолборыг 2021 оны II, III улиралд ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан “Монгол Улсын Засгийн газар бүтэц бүрэлдэхүүндээ өөрчлөлт оруулахдаа Биеийн тамир, спортын улсын хороог Ерөнхий сайдын дэргэд хамаарагдсан. Мөн 20 гаруй жилийн дараа Соёлын яамтай боллоо. Энэ нь соёл, урлаг, нийтийн биеийн тамир, спортын хөгжлийг өргөжүүлэх чиглэлд Засгийн газар анхаарч буйг харуулж байгаа юм. Иргэдийн амьдрах ая тухтай орчныг сайжруулах хүрээнд тодорхой ажлуудыг үе шаттай хэрэгжүүлэхэд Засгийн газар анхаарч ажиллаж байна. Спорт, урлаг, соёлын үйл ажиллагааг түгээн дэлгэрүүлэхэд хувийн хэвшлийнхний оролцоо маш чухал байгаа юм” гэв.

Налайхын замын зорчих хэсгийн өнгө хучилтын ажил эхэллээ

Налайхын автозамын бүтээн байгуулалтын ажил үргэлжилж, өнгө хучилтын ажил хийгдэх болсонтой холбогдуулан автозамыг түр хугацаанд хэсэгчлэн хааж байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан Налайхын авто замд ажиллаж, барилгын ажлыг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэхийг холбогдох албаныханд анхааруулав. Тэрбээр автозамын ажлыг технологийн горим алдагдуулалгүй хийхээс гадна, замын ачааллыг нэмэгдүүлэхгүйн тулд хэсэгчлэн хаах чиглэлийг албаныханд өгсөн.

Налайхын автозамын арын зорчих хэсэгийн өнгө хучилтын ажлыг эхлүүлэхээр авто замын цэвэрлэгээний ажлыг эхлүүлээд байна. Уг ажилтай холбогдуулан Налайхын замыг бүрэн хаахгүйгээр таван үе шаттайгаар хэсэгчилж хаахаар төлөвлөжээ. Ингэхдээ эхний зорчих хэсгийн арын хэсгийг хучиж байх хооронд зорчих хэсгийн урд хэсгийн хөдөлгөөнийг сөрөг урсгалд оруулна. Тиймээс иргэд, жолооч нар хөдөлгөөний аюулгүй байдлаа хангаж, замын тэмдэг, тэмдэглээний дагуу зорчихыг Нийслэлийн Автозамын хөгжлийн газраас зөвлөлөө.

Цэргийн дүйцүүлэх алба хаагчид сургалтад хамрагдаж байна 

Цэргийн албыг биеэр дүйцүүлэх албаны бэлтгэл, тусгай үүргийн бэлтгэл шатны сургалт 09 дүгээр сарын 18-аас Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн материаллаг баазыг түшиглэн зохион байгуулагдаж байна. Энэхүү сургалтын зорилго нь цэргийн албыг биеэр дүйцүүлэн хааж байгаа иргэнд орон нутгийн хамгаалалтад оролцох, гамшгаас хамгаалах болон хүмүүнлэгийн үйл ажиллагаанд туслалцаа үзүүлэх, улсын болон орон нутгийн бүтээн байгуулалтад оролцох талаар шаардлагатай мэдлэг, дадлага эзэмшүүлж, хууль тогтоомжоор хүлээсэн томилгоот үүргээ биелүүлэх бэлтгэлийг олгох юм.

Сургалтад хамрагдаж байгаа бие бүрэлдэхүүн Улсын Онцгой комиссын зөвлөмжийн дагуу ариутгал халдваргүйжүүлэлтийн дэглэмийг сахин сургалтын хөтөлбөрийн дагуу батлан хамгаалах эрх зүй, цэрэг эх оронч хүмүүжил, цэргийн нийтлэг дүрмүүд, үй олноор хөнөөх зэвсэглэлээс хамгаалах бэлтгэл, цэргийн инженерийн бэлтгэл, биеийн тамирын бэлтгэл, орон нутгийн болон улсын хил хамгаалалт, гамшгаас хамгаалах үйл ажиллагаа, амьд гарах ухаан зэрэг хичээл орж байна.

Зорилтот бүлгийн 10 мянга орчим айл өрхөд сайжруулсан түлш үнэ төлбөргүй олгож байна

НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын Агаарын чанар, хяналт, зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Даваажаргал, НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Агаарын бохирдолтой тэмцэх газрын Агаарын чанар, хяналт, зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Даваажаргал: Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар, “Тавантолгой түлш” ХХК-тай хамтран нийслэлийн хэмжээнд сайжруулсан түлшний борлуулалтын болон дундын баазуудад тээвэрлэлт хийх ажлыг зохион байгуулж байна. Нийт 23 аж ахуйн нэгж сайжруулсан түлшийг үйлдвэрээс борлуулалтын цэг рүү тээвэрлэж байгаа юм. Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу төвийн зургаан дүүргийн хэмжээнд 70 орчим мянган тонн түлшийг нөөцлөөд байна. Одоогийн байдлаар 100 орчим сайжруулсан түлшний борлуулалтын цэг ажиллаж байгаа. “Тавантолгой түлш” ХХК-ийн зүгээс 2020-2021 оны өвөл нийт 800 орчим борлуулалтын цэг ажиллах мэдээлэл өгсөн. Мөн нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар, нийслэлийн Халамжийн газрууд болон “Тавантолгой түлш” ХХК хамтран зорилтот бүлгийн 10 мянга орчим айл өрхүүдэд сайжруулсан түлшийг үнэ төлбөргүй олгож байна. Нийслэлийн Засаг даргын захирамжаар угаарын хийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд нийслэлийн 6000 орчим төрийн албан хаагч нар төвийн зургаан дүүргийн гэр хорооллын айл өрхийн угаарын хий мэдрэгчийн хэвийн ажиллагааг шалган ажиллана. Одоогоор төвийн зургаан дүүргийн 170 орчим мянган айл өрхүүдээр гуравдахь удаагаа орж, угаарын хий мэдрэгч, зуух пийшингийн аюулгүй байдлыг шалгаж ажиллалаа. Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газраас суурин харуулын хэвийн үйл ажиллагааг хангах ажлуудыг зохион байгуулж байна.

Нийслэлийн залуучуудын хөгжлийн төлөөх хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар хэлэлцлээ

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран “ИДЭВХЭЖСЭН 2030” төслийн хүрээнд залуучуудын хөгжил, нийгмийн асуудал, ажил эрхлэлт, энтрепрайзинг ур чадвар, идэвх оролцоог нэмэгдүүлэх замаар тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах зорилготой “ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖИЛ-ИДЭВХЭЖСЭН 2030-ХАМТЫН АЖИЛЛАГАА” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Тус хэлэлцүүлгийн үеэр бодлого боловсруулагч, төрийн болон төрийн бус, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгч, иргэний нийгэм, олон улсын байгууллагууд, хувийн хэвшил, хэвлэл мэдээллийн төлөөлөгчид залуучуудад чиглэсэн гол ажлууд болон төсөл, хөтөлбөрүүдийн үр дүн, цаашдын зорилтын талаар санал, мэдээлэл хуваалцаж, улмаар хамтын ажиллагааны нэгдсэн платформ үүсгэх боломж, гарцуудыг тодорхойлох зорилготой юм.

Гэр хорооллын айл өрхөд интернетийн хүртээмжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд санамж бичиг байгууллаа

Нийслэлийн Засаг даргаас 2020 оныг “Нэг хот-Нэг стандарт” зорилтот жил болгон зарласантай холбогдуулан мэдээллийн хүртээмжийн тэгш бус байдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын нэг Улаанбаатар хотын гэр хорооллын бүсэд дэд бүтцийг хөгжүүлэх юм. Үүний хүрээнд гэр хорооллын айл өрхөд шилэн кабельд суурилсан интернетийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд Юнивишн компанийн хэрэгжүүлж буй ажилд дэмжлэг үзүүлэх зорилгоор Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр болон Юнивишн компанийн Гүйцэтгэх захирал Д.Энхбат нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

НҮБ-ын Мэдээлэл технологийн холбооны судалгаагаар хотын зах буюу гэр хороолол, хөдөө орон нутагт амьдарч буй иргэдийн интернэтийн хурд бага байдгаас шалтгаалан мэдээллээс хоцрох, мэдээллийн хүртээмж төвийн бүсэд амьдардаг хүмүүсээс 25-50 дахин хоцрогдолтой байдаг нь тогтоогдсон байдаг. Харин энэхүү санамж бичгийг байгуулснаар гэр хорооллын бүсэд амьдардаг иргэд болон аж ахуйн нэгж, төрийн байгууллагууд өндөр хурдны интернэтэд холбогдон өдөр тутамдаа мэдээллийн хоцрогдолгүй болж эрүүл мэнд, боловсрол зэрэг нийгмийн үйлчилгээг цаг алдалгүй хүлээн авах боломж бүрдэх аж. Цаашлаад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох чиглэлээр боломжит бүх газруудад камерын хяналтыг нэвтрүүлэх боломжтой болно.

ДЦС-4-ийн урд талын авто замыг хугацаанаас нь өмнө ашиглалтад орууллаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан “Эрчим хүчний гудамж” буюу сонсголонгийн замыг ажилчдын гудамжтай холбож байгаа Дулааны цахилгаан станц-4-ийн урд талын 6 км авто замын бүтээн байгуулалтын ажлыг шалгалаа. Авто замын засвар шинэчлэлийн ажлыг хугацаанаас нь өмнө хийж дуусган, зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээжээ.

Энэ талаар нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Б.Индра “Уг замын засвар шинэчлэлийн ажил өнгөрсөн долоодугаар сараас эхэлсэн. Гэрээт хугацаа нь арваннэгдүгээр сарын 1-ний өдөр дуусаж, хүлээлгэн өгөх ёстой байсан. Гэхдээ замын ажлыг түргэсгэх талаар иргэд, аж ахуйн нэгжүүдээс өргөдөл, санал ирсний хүрээнд хүн, хүч техникийг нэмэгдүүлэн, ажлыг шахаж өчигдөр орой 19.00 цагт зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээлээ. Одоо явган хүний зам, гэрэлтүүлэг зэрэг тохижилтын ажлууд хийгдэнэ. Энэ ажлуудыг гэрээний хугацаандаа хийж дуусгана” гэв. Мөн нэг хүндрэлтэй байгаа асуудал нь ДЦС-4-ийн урд болон хойд хэсгээр маш олон үйлдвэрүүд ажилладаг. Тэдгээр үйлдвэрийн гадна огт тохижилт хийгдээгүй учир үйлдвэр рүү орж, гарч буй хүнд даацын автомашинуудын дугуйнд шороо, шавар наалдан асфальтад замд гарч, замыг эвдэх магадлал өндөр байна. Тиймээс нэгдсэн журмаар үйлдвэр, аж ахуйн нэгжүүдийг гадна талбайгаа засаж сайжруулах шаардлага хүргүүлэх хэрэгтэй. Түүнчлэн үйлдвэрийн машинууд даац хэтрүүлсэн тээвэрлэлт хийж байна гэдгийг Хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгаланд уламжилсан юм.

Богд хааны дурсгалын цэцэрлэгт хүрээлэнтэй боллоо

Богд хааны ордон музейн дэргэдэх 1,4 га газарт байгуулсан Богд хааны дурсгалын цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалтын ажил дуусч, нээлтээ хийлээ. Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Соёлын сайд С.Чулуун, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр тэргүүтэй холбогдох албаны хүмүүс, эрдэмтэн судлаачид, музейн ажилчид, иргэд олон нийт оролцов.

Цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэгчээр “Сензо” констракшн компани ажилласан бөгөөд 1,4 га талбайд тохижилт хийснээс 5615 мкв явган хүний зам, 6320 мкв зүлэгжүүлсэн талбай, 144 мкв талбайд цэцгийн мандал байгуулжээ. Мөн наймдугаар Богд Жавзандамбын хөшөө, “Мөнх тэнгэрийн хүчин дор” баримал, “Цагаан шонхор” хэмээх эртний Монголын сүлд баримал, түүхэн олдворуудын дээжсээс бүрдсэн нийт 13 баримал цэцэрлэгт хүрээлэнд сүндэрлэсэн байна. Дээрх уран баримлуудын эх загварыг Урлагийн гавъяат зүтгэлтэн, уран барималч Л.Ганхуяг урлажээ.

 


Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороонд жишиг Өрхийн эрүүл мэндийн төв нээгдлээ

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороонд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан “Чин хүслэн” жишиг Өрхийн эрүүл мэндийн төвийн шинэ барилга ашиглалтанд орлоо. Хоёр давхар барилга бүхий тус төв нь хүүхдийн болон эмчийн үзлэг, тусгаарлах, эмчилгээний өрөөнөөс гадна дархлаажуулалт, шинжилгээ, сэргээн засах физик эмчилгээ, зүрхний цахилгаан бичлэг, ЭХО, чийрэгжүүлэлтийн өрөөтэй бөгөөд эрүүл мэндийн нийгмийн ажилтан, сувилагчийн өрөөг ажлын болон амралтын зориулалтаар бүрэн тохижуулсан байна. Нээлтийн арга хэмжээнд Эрүүл мэндийн дэд сайд Ш.Анхмаа, НИТХ-ийн төлөөлөгч, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга З.Отгонбаяр, Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Ц.Лхагва болон бусад албаны хүмүүс, тус хорооны иргэдийн төлөөлөл, сайн санааны туслагч нар оролцсон юм.

Нийт 8.500 хүн амтай, гэр хорооллын бүсэд үйл ажиллагаа явуулдаг “Чин хүслэн” Өрхийн эрүүл мэндийн төвийн шинэ барилга ашиглалтанд орсноор алслагдсан хороодын оршин суугч, хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг үзүүлэх, гэрийн эргэлт үзлэгийг сайжруулах чухал ач холбогдолтой юм.

 

'

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

 

Хуваалцах: