Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан өнөөдөр иж бүрэн аврах ажиллагааны гурван автомашин болон багаж хэрэгслийг Онцгой байдлын алба хаагчдад гардуулан өглөө.

Нийслэлийн хөрөнгө оруулалтаар Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангид ой хээрийн тусгай зориулалтын нэг автомашин, Нийслэлийн аврах анги-105-д аврах ажиллагааны зориулалттай нэг автомашин болон эмнэлгийн зориулалттай нэг автомашиныг тус тус гардуулав.

Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан хэлэхдээ “Энэ онд эрүүл мэнд, цагдаагийн алба хаагчдад 160 автомашинаар парк шинэчлэл хийсэн. Гал унтраах бүс өөрөө зуслангийн болон гэр хорооллын хэсэгт байдаг учир 74 дүгээр гал унтраах ангид туулах чадвар бүхий автомашиныг гардуулан өгч байна. Мөн аврах ангид аврах үйл ажиллагааны тоног төхөөрөмж, туулах чадвар сайтай автомашиныг өглөө. Хавар, намрын улиралд хуурайшилт ихтэй байдгаас үүдэн алба хаагчдад ирэх ажлын ачаалал нэмэгддэг. Тэдний ажлыг хөнгөвчлөх зорилгоор тоноглогдсон, ус тээвэрлэх боломжтой дөрвөн дугуйт мотоциклийг мөн өгсөн. Онцгой байдлын нийт алба хаагчдын иргэдийнхээ амь нас, эд хөрөнгийг авран хамгаалах, хурдан шуурхай ажиллах нөхцөл боломжийг хангах үүднээс нийслэлээс хөрөнгө оруулалт хийж байгаа юм. Нийслэлчүүдийнхээ өмнө Онцгой байдлын алба хаагчдын цаашдын ажилд амжилт хүсч, авран хамгаалах ажлыг явуулах нөхцөл боломжоор нийслэлийн удирдлагууд хангаж ажиллаж байна” хэмээлээ.

Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, хурандаа Д.Бэхбаяр “Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар Сүхбаатар дүүргийн аврах ангид өмнө нь камаз маркийн автомашин, техник хэрэгслийг олгож байсан. Дүүргийн хэмжээнд шинээр гал унтраах анги байгуулагдсантай холбогдуулан автомашины парк шинэчлэл, техник хэрэгслээр хангаж байна. Нийслэлийн зүгээс шаардлагатай техник хэрэгслээр хангах ажлуудыг үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа” гэв.

Сүүлийн хоёр жилийн байдлаар Онцгой байдлын албанд нийт 20 ширхэг автомашин, техник хэрэгсэл, 100 ширхэг үүргийн гал унтраагуур, иж бүрэн аврах ажиллагааны багажаар парк шинэчлэлийг хийсэн байна.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Хуваалцах: