Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан өнөөдөр /2020.11.12/ болж “Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл” дунд хугацааны төлөвлөлтийн баримт бичгийн төслийг хэлэлцэв. Уг төслийг Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн танилцуулсан юм. 

“Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийн төслийг боловсруулахад нутгийн захиргааны 71 байгууллагаас 671 арга хэмжээний санал ирүүлснийг зорилго, зорилтууд давхардалгүй, уялдаатай, нэгдмэл ойлголттой, хүртээмжтэй, шалгуур үзүүлэлт нь зорилготойгоо нийцсэн, нийгмийн бүхий л давхаргад чиглэсэн байх зарчмуудыг баримтлан “Алсын хараа-2050”, “Монгол Улсыг 2021-2025” онд хөгжүүлэх үндсэн чиглэл” урт болон дунд хугацааны төлөвлөлтийн баримт бичгийн бүтцийн дагуу боловсруулжээ. 

Уг дунд хугацааны төлөвлөлтийн баримт бичгийн төсөлд:

  • Үндэсний нэгдмэл үнэт зүйл
  • Хүний хөгжил
  • Амьдралын чанар ба дундаж давхарга 
  • Эдийн засаг 
  • Засаглал
  • Ногоон хөгжил 
  • Амар тайван, аюулгүй нийгэм
  • Бүс, орон нутгийн хөгжил 
  • Улаанбаатар ба дагуул хот гэсэн 9 бүлэгтэй байхаар боловсруулжээ. 

Бодлогын баримт бичгийн төслийг ажлын хэсгийн гишүүд болон нутгийн захиргааны албан хаагчдаас гадна Хүний хөгжил судалгаа, сургалтын төв ТББ-ын судлаачид, Эдийн засгийн судлаач Ж.Хишигсайхан, Удирдлагын академийн Бодлого, улс төр судлалын тэнхимийн багш, доктор Ж.Жаргал нарыг урьж зөвлөхөөр хамтран ажиллажээ. 

Улмаар уг төслийг Засаг даргын зөвлөлийн хурлаас гарсан болон Үндэсний хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас саналыг авч тусган НИТХ-д өргөн барьж хэлэлцүүлэхээр болов. 

Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт Ковид-19 халдварт цар тахлаас үүдэлтэй эдийн засаг, нийгмийн хүндрэлийг даван туулах бодлого тусгалаа

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар мөн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийг хэлэлцсэн юм. Уг хөтөлбөрт Ковид-19 халдварт цар тахлаас үүдэлтэй эдийн засаг, нийгмийн хүндрэлийг даван туулах бодлого болон хүний хөгжил, эдийн засаг, засаглал, ногоон хөгжил, нийслэл ба бүс нутгийн хөгжлийн бодлого гэсэн нийт зургаан бүлэгтэй байхаар боловсруулсныг Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн танилцууллаа. 

Төслийг боловсруулахдаа Монгол Улсын хөгжлийн таван жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны сонгуульд Нийслэлийн МАН-ын хорооноос дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийг уялдуулан боловсруулжээ. Энэхүү бодлогын баримт бичиг нь хотын иргэд, оршин суугчдын эрүүл, аюулгүй, тав тухтай орчныг бүрдүүлэх, олон нийтийн эрх ашигт нийцсэн, хотын дүрэм, стандартыг бий болгох, тулгамдсан асуудлаа өөрсдийн онцлогт тохируулан шийдвэрлэхэд чиглэсэн гэж Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн хэллээ. 

Улмаар уг төслийг НИТХ-д өргөн барьж, хэлэлцүүлэхээр болов. Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар мөн Хот байгуулалтын зарим үйл ажиллагааг зогсоох тухай асуудлыг хэлэлцэн, Нийслэлийн Засаг даргын 2019 оны “Орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээг сайжруулах зарим арга хэмжээний тухай” А/1358 дугаар захирамжийн хэрэгжилт, Хот нийтийн аж ахуйн чиглэлээр 2020 онд иргэдээс ирүүлсэн дуудлага, гомдол, мэдээлэл авч хэрэгжүүлсэн арга хэмжээний тухай танилцуулгыг сонссон юм.

 

НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

 

Хуваалцах: