Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн захирал М.ДАВААБАТТАЙ ярилцлаа.

-Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлж хэлэхгүй юу?

-Манай төв Монгол Улсын хэмжээнд “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хууль тогтоомж, стандартыг хэрэгжүүлэх, ажлын байрны хөдөлмөрийн нөхцө-лийг судлах, үнэлгээ, дүгнэлт гаргах, мэргэжлээс шалтгаалсан өвчнийг оношлох, эрт илрүүлэх, эмчлэх, нөхөн сэргээх, сувилах, хөдөлмөр зохицуулалтын, магадлал хийх, Xөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн сургалтын хөтөлбөрийг боловсронгуй болгох, сургалтын байгууллагуудад бүртгэлийн гэрчилгээ олгох, мэргэжил арга зүйн удирдамж чиглэл өгөx, хяналт тавих, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтны мэдээллийн сан үүсгэх, төгсөгчдөд сертификат олгох, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн сургалт, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа болон сурталчилгааны ажлыг зохион байгуулах чиг үүрэг бүхий төрийн үйлчилгээний байгууллага юм.

-“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян-2021” арга хэмжээ болсон. Сарын аяны хүрээнд оролцогч талуудаас ямар ажлуудыг зохион байгуулсан бэ?

-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн Үндэсний хороо, Мэргэжлийн хяналтын Ерөнхий газар, Нийгмийн даатгалын Ерөнхий газар, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо хамтран жил бүрийн дөрөвдүгээр сард “ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН САРЫН АЯН” зарлаж, улс орон даяар ХАБЭА-н хууль, тогтоомжийг сурталчлах ажлыг өрнүүлж ирлээ. Энэ жилийн хувьд “COVID-19” цар тахлын нөхцөл байдлаас үүдэн сарын аяны бүх арга хэмжээг цахим хэлбэрээр зохион байгуулсан. Мөн ХАБЭА-н хууль тогтоомж, түүний хэрэгжилт, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлийн ажлуудыг цахим хэлбэрээр сурталчлахын зэрэгцээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд түгээж ажиллалаа. Тухайлбал, сарын аяны хүрээнд 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч, ажил олгогч нар, аймаг нийслэл, дүүргийн ХАБЭА-н асуудал хариуцсан мэргэжилтнүүдийг чадавхижуулах сургалтуудыг цахим хэлбэрээр зохион байгууллаа. Мэргэжлээс шалтгаалсан өвчинтэй холбоотойгоор “Ажлын байрны эрдсийн тоосны өртөлтийг бууруулах арга зам” сэдэвт олон улсын симпиозиум, “Ажлын байрны сөрөг хүчин зүйлээс шалгаалсан сэтгэлзүйн эмгэгүүдээс урьдчилан сэргийлэх нь; Ионжуулагч болон ионжуулагч бус цацрагийн өртөлтөөс үүсэх мэргэжлээс шалтгаалсан өвчин, түүний оношилгоо эмчилгээ сэдэвт цахим сургалтуудыг амжилттай явуулсан. Мөн цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан Солонгосын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн агентлаг (KO­SHA), Олон улсын стандартын академи (ISA) хамтран “Ковид-19 цар тахлын үед ажлын байранд аюулгүй ажиллах, халдвараас ажилтны эрүүл мэндийг хамгаалах нь” гэх мэт үр дүнтэй сургалтуудыг амжилттай зохион байгуулсан.

-Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв нь дэргэдээ Мэргэжлийн өвчин судлалын эмнэлэгтэй. Энэхүү эмнэлгийн түүх болоод өнөөдрийн нөхцөл байдлын талаар ярилцлагаа үргэлжлүүлье?

-Монгол Улсад Мэргэжлийн өвчин судлалын эмнэлэг нь анх 54 жилийн өмнө “Улсын мэргэжлийн өвчний диспансер” нэртэйгээр байгуулагдсан түүхтэй. Тухайн цаг үеэс хойш Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй өмчийн бүх аж ахуйн нэгж байгууллагуудын ажиллагсдын мэргэжлээс шалтгаалсан өвчнийг эрт илрүүлэх, эмчлэх, нөхөн сэргээх, сувилах, хөдөлмөр зохицуулалт хийх, төрөлжсөн нарийн мэргэжлийн болон нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж ирлээ. Энэ жилийн хувьд ковидын нөхцөл байдалтай холбогдуулан хөдөө орон нутгийн үзлэг түр зогсоод байсан. Харин Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу хатуу хөл хориог сулруулж гуравдугаар түвшний улбар шар түвшин рүү шилжүүлсэн. Үүнтэй холбоотойгоор орон нутгийн эрсдэл өндөртэй уул уурхай, эрчим хүч, барилга, зам тээврийн салбарын ажилчдыг эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамруулах, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх, түүнийг тогтоох ажлууд маань хийгдэж эхэлсэн гэж ойлгож болно.

-Монгол Улсын хэмжээнд мэргэжлээс шалтгаалсан өвчлөлийн тоо ямар түвшинд байна вэ?

-Монгол Улсын хэмжээнд 1967 оноос хойш мэргэжлээс шалтгаалсан өвчний тохиолдлын тоо 2020 оны эцэс хүртэлх хугацаанд 10069 бүртгэгдсэн байгаа юм. 2020 онд Мэргэжлийн өвчин судлалын газрын хяналтад нийт 2961 хүн байгаагаас шинээр 38 хүн мэргэжлээс шалтгаалсан өвчин тогтоолгосон байна. Харин өнөөдрийн байдлаар 2021 он гарсаар шинээр 5 хүн нэмэгджээ. Ерөнхийдөө жилд дунджаар бүр 40 орчим иргэн шинээр мэргэжлээс шалтгаалсан өвчин тогтоолгож байна. Мөн тэр тооны хэмжээгээр ердийн өвчний хүндрэл болон гэнэтийн осол аваарт өртөн нас барж, хөдөлмөр чадвар алдалтаа дунджаар 50 хүн өөрийн хүсэлтээрээ цуцлуулж, өндөр насны тэтгэвэрт шилжиж байна. Монгол Улсын Засгийн газраас Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, стандартыг үндэсний онцлог, олон улсын нийтлэг жишигт нийцүүлэн шинэчлэх ажлыг үе шаттай зохион байгуулсны үр дүнд ХАБЭА-н удирдлага, хяналтын тогтолцоо бүрэлдэн бий болж, хууль эрх зүйн орчин сайжирч, аж ахуйн нэгж, байгууллагууд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн асуудалд тодорхой хэмжээгээр анхаардаг болсон. Ийнхүү ХАБЭА-н хууль эрх зүйн зохицуулалт сайжирч байгаа хэдий ч ажилтан, хөдөлмөр эрхлэгч иргэдийн хууль тогтоомжийг дагаж мөрдөх явдал төдийлөн сайжрахгүй, урьдчилан сэргийлэх арга хэмжээний үр дүн сайнгүй байгааг үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалсан өвчний статистик тоо мэдээ харуулж байна гэж харж байгаа. Тиймээс ХАБЭА-н тухай хууль, холбогдох дүрэм журмын хэрэгжилтийг сайжруулах, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг шинэлэг үр дүнтэй хэлбэрээр зохион байгуулахаар ажиллаж байна.

-Мэргэжлээс шалтгаалсан өвчинд аль салбарын хүмүүс илүү өртөж байна вэ. Насны ангилал мөн хамаарч байна уу?

-Сүүлийн жилүүдэд урьдчилан сэргийлэх үзлэгээр хөдөө орон нутагт очиж хугацаат үзлэг хийж, мэргэжлийн өвчнийг оношлож, эрт илрүүлэх үйл ажиллагаатай холбоотойгоор мэргэжлээс шалтгаалсан өвчны тохиолдол нэмэгдэж байна. Түүнчлэн томоохон үйлдвэр уурхайн сул зогсолт, хувьд шилжсэн, ажлын байрны цомхотгол зэрэгтэй шууд холбоотойгоор мэргэжлээс шалтгаалсан өвчний онош тогтоолгох хандлага байна. Мөн сүүлийн үед газрын гүнд хамгийн багадаа 10 жил ажилласан 30-35 насны залуучууд уушгины силикоз өвчнөөр мэргэжлээс шалтгаалсан өвчин тогтоолгон, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь авч группт орох тохиолдлууд их байна. Тиймээс бид мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг төр, хувийн хэвшил, ажил олгогчид хамтран чанартай, үр дүнтэй зохион байгуулах шаардлагатай байна. Ид хийж бүтээх насандаа мэргэжлээс шалтгаалсан өвчинтэй болно гэдэг маш харамсалтай.

-Та дээр хэллээ, өөрийн хүсэлтээрээ өндөр насны тэтгэвэрт гарч байгаа гэж. Үүний шалтгаан нь юу байна вэ?

-Өндөр насны тэтгэвэр нь одоо авч байгаа хөдөлмөрийн чадвар алдалтын тэтгэмжээс илүү өндөр, группэд байх хугацаа нь ажилласан жилд тооцогдож байгаа учраас өөрсдийн хүсэлтээрээ цуцлуулж байгаа юм.

-Жил бүр илэрч байгаа мэргэжлээс шалтгаалсан өвчний тохиолдол аль салбарт илүү их тохиолдож байна вэ?

-Уул уурхай олборлолтын салбар буюу өнгөтийн уурхай, нүүрсний уурхай, төмөрлөгийн үйлдвэр, геологи уул уурхайн салбараас хамгийн их буюу 70 орчим хувьд мэргэжлээс шалтгаалсан өвчин илэрч байна. Дараа нь барилга, эрчим хүчний салбарууд орно.

-Тэгвэл мэргэжлээс шалтгаалсан өвчнийг бууруулах шинэлэг, үр дүнтэй арга зам юу байна?

-Мэргэжлээс шалтгаалсан өвчнийг бууруулах гол арга замууд бий. Энэ нь ерөөсөө л хувь хүн, байгууллагын хамтын хүчин чармайлтаас шалтгаалах асуудал. Тухайн ажилтны ажлын байрны нөхцөлийг солих, өөрчлөх, эрсдэлтэй хүчин зүйлээс нь холдуулах, ажилтнаа мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх үзлэгт жил бүр тогтмол хамруулах, техник технологи, багаж хэрэгслэлийн шинэчлэлийг жил болгон хийх, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн мэргэжилтний /хөдөлмөрийн эрүүл ахуйч/ мэдлэг, ур чадварыг сайжруулах, хувь хүн өөрийн биеэ хайрлах, унтах цагтаа нойроо сайн авах, хооллолт ажлын ачаалал хувь хүнд тохирсон тэжээллэг байх, урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж илэрсэн архаг хууч өвчлөлийг эрүүлжүүлэх шаардлагатай. Мөн мэргэжлээс шалтгаалсан өвчнийг илэрсэн хойно нь биш урьдчилан сэргийлэхийн тулд төр засаг, байгууллага хамт олон, хувь хүний хоорондын уялдаа холбоотой ажиллагаа, бодлогын хэрэгжилт, гүйцэтгэл чухал гэдгийг давтан хэлмээр байна. Цаашид мэргэжлээс шалтгаалсан өвчнийг бууруулах чиглэлд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэндийн яам, Нийгмийн даатгалын ерөнхий газар, МҮЭХ, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо зэрэг байгууллагууд хоорондоо уялдаа холбоотой ажиллаж, үндэсний стратеги төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна.

-Ерөнхийдөө мэргэжлээс шалтгаалсан өвчний тохиолдол голдуу орон нутгаас гарч байна. Тэгэхээр уул уурхайн тогтмол үйл ажиллагаатай бүс нутагт мэргэжлээс шалтгаалсан өвчний байнгын үйл ажиллагаа явуулдаг кабинет байх шаардлагатай гэж харагдаж байна?

-Таны хэлсэнтэй санал нэг байна. Мэргэжлээс шалтгаалсан өвчлөл уул уурхайн салбарт зонхилон тохиолдож байсаар. Энэ нь ажлын байрны орчин нөхцөл, ажилтан, ажил олгогчийн үүрэг хариуцлага зэрэг олон зүйлээс хамааралтай. Наад нь зах нь ажилчид байнгын эрүүл мэндийн үзлэгт хамрагдах, түүнийг нь ажил олгогч хангаж өгөх шаардлагатай. Манай төвийн 2021-2024 оны стратеги төлөвлөгөөнд 4 бүсийн оношилгоо эмчилгээний төвүүдэд мэргэжлээс шалтгаалсан өвчний нэгжийг шинээр байгуулахаар тусган хэрэгжүүлэх гэж байна. Мэргэжлийн өвчин судлалын эмнэлгээр үйлчлүүлж буй иргэдийн 70 орчим хувь нь уул уурхайн салбарын ажилтан, алба хаагчид байдаг. Нөгөөтэйгүүр Монгол Улсад уул уурхайн салбар үүсч хөгжсөний 100 жилийн ой ирэх жил буюу 2022 онд тохионо. Үүнтэй холбоотойгоор Монгол Улсад уул уурхайн чиглэлээр эрчимтэй үйл ажиллагаа явуулж байгаа бүс нутагт мэргэжлээс шалтгаалсан өвчний танхим байгуулах саналыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад хүргүүлээд байна. Уул уурхайн яамны зүгээс тус салбарын ажилчдын амь насыг хамгаалах, эрүүл мэндийг урьдчилан сэргийлэх асуудалд нааштайгаар хандаж, хамтарч ажиллана гэдэгт итгэлтэй байна.

-Монгол Улсад мэргэжлээс шалтгаалсан өвчнийг эрт оношилж, эмчлэхэд тулгамдаж буй асуудал юу байна вэ?

-Манай Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв нь тэртээ 1967 онд “Улсын мэргэжлийн өвчний диспансер” нэртэйгээр байгуулагдсан цагаас хойш өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа тасралтгүй явуулж ирсэн. Гэвч сүүлийн 10 жил мэргэжлийн өвчин судлалын эмнэлгийн барилгын насжилт, багаж тоног төхөөрөмжийн хувьд элэгдэлд ороод удаж байна. Тиймээс эмнэлгийн барилгыг шинээр барьж, тоног төхөөрөмжийг шинэчлэх нэн шаардлагатай байна. Манай төвийн алсын хараанд Монгол Улсдаа төдийгүй олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Хөдөлмөрийн аюулгүй байдал, Эрүүл мэнд, Мэргэжлийн өвчин судлалын Үндэсний хэмжээний цогцолбор төвтэй болно хэмээн зорьж буй. Энэ зорилтын хүрээнд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн хамт олон, удирдлагууд эмнэлгийн барилгын шинэ зураг төслийн санхүүжилтийг шийдвэрлүүлэх асуудлаар ХНХЯ болон БХБЯ-нд удаа дараа хүсэлт илгээж байсан. Үүний дүнд Барилга, хот байгуулалтын сайдын 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 32 дугаар тушаалаар “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн Мэргэжлийн өвчин судлалын эмнэлгийн барилгын зураг төсөл”-ийн санхүүжилтийг шийдвэрлэхийг үүрэг болгосон. Ингэснээр БХБЯ-нд зураг төслийн тендер зарлагдаж, эцэслэн дууссанаар ирэх 2022 онд улсын төсөвт эмнэлгийн барилгын ажлыг эхлүүлэх санхүүжилтыг шийдвэрлэх боломж бүрдэж байгаа гэж харж байна. Мэргэжлийн өвчин судлалын эмнэлгийн нийт үйлчлүүлэгч, манай хамт олны удаа дараагийн хүсэлтийг ХНХЯ, Сангийн яам, шийдвэр гаргах түвшний холбогдох хүмүүс харгалзан үзэж, 2022 оны улсын төсөвт хөрөнгө оруулалтыг тусгаж, шийдэж өгнө гэдэгт найдаж байна.

Эх сурвалж:Монголын Үнэн сонин 

 

Хуваалцах: