Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгчийг сонгох санал хураалт дууслаа.
Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд 2.041.968 /хоёр сая дөчин нэгэн мянга зургаан зуун жаран найм/ хүн санал өгөхөөр нэрийн жагсаалтад бүртгэгдсэнээс улсын хэмжээнд 59.34 хувь буюу 1.210.454 иргэн саналаа өгчээ. Санал хураалт дуусмагц хэсгийн хороод санал тоолох төхөөрөмжөөр саналыг тоолж, СЕХ-ны төв серверт нэгтгэж, урьдчилсан дүн гарч байна.
Урьлчилсан дүнгээр МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх олонхийн санал буюу нийт хүчинтэй саналын 70 орчим хувь буюу 819 мянга гаруй иргэний саналыг авч, үнэмлэхүй ялалт байгууллаа. Ингэснээр тэрээр Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгчөөр сонгогдож байна.
Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд хяналтын гар тооллогыг 100 хувь хийхээр тусгасан. Тиймээс санал тоолох төхөөрөмжөөр саналыг тоолж дууссаны дараа хяналтын гар тооллогыг хийх юм.
Шинэ Ерөнхийлөгч хэзээ тангараг өргөж, бүрэн эрх нь хэрэгжиж эхлэх вэ
Сонгуулийн ерөнхий хороо нь сонгуулийн дүн болон Ерөнхийлөгчөөр сонгогдсонд тооцсон тухай шийдвэрийг санал хураалт дууссан өдрөөс хойш 10 хоногийн дотор УИХ-д өргөн мэдүүлэх юм. Ингээд шинэ Ерөнхийлөгчийн тангараг өргөх өдрийг УИХ товлон зарлахаар хуульд тусгажээ.