Одоогоос яг 10 жилийн өмнө буюу 2011 оноос Монгол Улс, ОХУ-ыг дамжин урсдаг “Сэлэнгэ мөрөн”-ийн нэрээр нэрлэгдсэн “Сэлэнгэ” байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургууль нь жил бүр амжилттай зохион байгуулагдаж ирсэн билээ.

Энэ жилийн ”Сэлэнгэ-2021” байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургууль нь манай улсад 14 хоногийн турш “Террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагаанд бэлтгэх, зохион байгуулж явуулах” сэдвээр амжилттай явагдаж өндөрлөж байна. 

 

“Сэлэнгэ-2021” сургуулийн үйл ажиллагаатай Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Искандер Кубарович Азизов, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Ж.Энхбаяр, УИХ-ын гишүүн, АБГББХ-ны дарга Б.Баттөмөр, УИХ-ын гишүүн Н.Энхболд, Д.Цогтбаатар, ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, Хөрш орнуудын газрын дэд захирал Б.Болор болон албаны бусад хүмүүс танилцлаа.

 

Монголын талаас сургуулийн удирдагчаар Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн штабын дарга, бригадын генерал Л.Онцгойбаяр, ОХУ-ын талаас Дорнодын цэргийн тойргийн 36 дугаар армийн командлагчийн үүрэг гүйцэтгэгч, хошууч генерал И.Б.Тимофеев нар үүрэг гүйцэтгэсэн юм.


Хуваалцах: