Хөвсгөл нуурт 1985 онд живсэн Бор-500 загварын "Сүхбаатар" хөлөг онгоцыг татан гаргах ажиллагаанд оролцсон Онцгой байдлын албаны усчин аврагчид нийт 500 гаруй удаа усанд шумбажээ. Аврагчид эхлээд онгоцны байрлал, онцлогийг судлав. Үүний дараа зам, маршрут, бэхэлгээ хийх газрыг тогтоож эрэг рүү татах ажиллагааг эхлүүлэв. 

Энэ бүх ажлын ард нийт 16 шумбагч ажиллаж, 214 удаагийн даалгавар гүйцэтгэж, нийт 31 мянга 834 минут буюу 530 цагийг усанд өнгөрүүлжээ.

Хөвсгөл нуурт 36 жил байрласан хөлөг онгоц дотроос 400 литр техникийн тосоос эхлээд ширмэн тогоо, данх, хүүхдийн эсгий гутал, модон эдлэлүүд гарч иржээ.

 

 

Сүхбаатар хөлөг онгоцыг татан гаргах ажиллагаанд ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэнгээр ахлуулсан

  • БХЯ, ЗХЖШ, түүний харьяа Зэвсэгт хүчний 011, 186, 234, 7780 дугаар анги,
  • ОБЕГ, түүний харьяа Үндэсний аврах бригад,
  • Давтан сургалт, сэргээн заслын төв-113,
  • Ар тал хангалтын 115, Уул уурхайн аврах ангийн 09 дүгээр анги,
  • Нийслэлийн болон Орхон, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газар,
  • ЗТХЯ-ны харьяа Далайн захиргааны газар,
  • МХЕГ,
  • “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ,
  • ШУТИС,
  • Хөвсгөл аймгийн ЗДТГ,
  • Цагдаагийн газар,
  • Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны захирагчийн ажлын алба,
  • “Хөвсгөл усан зам” ХК-ийн нийт 120 гаруй алба хаагч, 50 нэгж техник хэрэгсэлтэйгээр оролцов.

Тэд тушаалаар томилогдон хоёр сарын хугацаанд гэртээ харилгүй үүрэг гүйцэтгэжээ. Харин өнөөдөр Хөвсгөл нуурыг цэвэрлэж, насжилтыг нь уртасгачхаад харьж байна. Алба хаагчдад Сүхбаатар онгоц туршлага болж, Хөвсгөл нуурт живсэн автомашинуудыг татан гаргах итгэл, зоригийг нэмжээ.

Хуваалцах: