Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жил, Монгол Улсад орчин цагийн номын сан үүсэж хөгжсөний 100 жил, мэргэжлийн театрын урлаг үүсэж хөгжсөний 90 жил, Циркийн урлаг үүсэж хөгжсөний 80 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж нэр бүхий хүмүүст төрийн дээд шагнал, одон, медаль гардууллаа.

ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ЦОЛООР:

 

“Тамгагүй төр” жүжгийн Эгэрэг, “Мандухай цэцэн хатан” киноны Ибрай тайш тэргүүтэй тайз, дэлгэцийн 200 шахам дүрийг урлан бүтээж, театр, кино урлагт өөрийн орон зай, өнгө төрх, бүтээл туурвилын арга барил бий болгож, ахмад үеэ залгамжлан, өөрийн үеийнхнээ манлайлж, залуу үеэ үлгэрлэн хөдөлмөрлөж, театр болон драмын урлагийг гадаад, дотоодод сурталчлах, ард түмнийг соёл, урлагаар соён гэгээрүүлэх, залуу уран бүтээлчдийг сурган хүмүүжүүлэх, бэлтгэх зэрэг их үйл хэрэгт хүчин зүтгэж байгаа Ардын жүжигчин Пүрэвдоржийн Цэрэндагва,

 

“Гамлет” жүжгийн Офелия, “Атга нөж” жүжгийн Өүлэн эх, “Мандухай цэцэн хатан” киноны Мандухай тэргүүтэй тайз, дэлгэцийн 100 гаруй дүрийг урлан бүтээхийн зэрэгцээ театрын удирдлага, зохион байгуулалт, урын сангийн бодлогыг оновчтой удирдан тодорхойлж, тайз, дэлгэцийн урлагийн залгамж халаа, мэргэжлийн уран бүтээлчдийг бэлтгэхэд үнэтэй хувь нэмэр оруулж, ард түмнээ соён гэгээрүүлэх зэрэг их үйл хэрэгт хүчин зүтгэж байгаа Ардын жүжигчин Намсрайн Сувд нарт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээж, “Алтан соёмбо” тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагналаа.

 

АРДЫН ЖҮЖИГЧИН ЦОЛООР:

 

“Кихот ноён” жүжгийн Кихот ноён, “Мөнх тэнгэрийн хүчин дор” киноны Хавт Хасар тэргүүтэй ард түмний зүрх, сэтгэлд хоногшин үлдсэн тайз, дэлгэцийн 200 орчим өвөрмөц дүрийг жүжигчний бие, хэл, сэтгэхүйн нэгдлээр урлан бүтээхийн зэрэгцээ залуу уран бүтээлчдийг сурган хүмүүжүүлэх, ард түмнээ соён гэгээрүүлэх их үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан Монгол Улсын гавьяат жүжигчин, Улсын драмын эрдмийн театрын Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Бэх-Очирын Жаргалсайхан

 

Соёл, урлагийн салбарт ухамсарт амьдралаа зориулж, тайз, дэлгэцийн олон арван бүтээлд тоглон, гол болон туслах дүрүүдээ ард түмний сэтгэлд хоногштол амилуулсан Монгол Улсын гавьяат жүжигчин, Кино урлагийн дээд сургуулийн багш Далхсүрэнгийн Гүрсэд

МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ЖҮЖИГЧИН ЦОЛООР:

 

Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Гочоодоржийн Амгаланбаатар,

Улсын драмын эрдмийн театрын туслах балетмейстер, нотны редактор Аюурзанын Батдэлгэр,

Үндэсний урлагийн их театрын гоцлол бүжигчин Алтангэрэлийн Батхүү,

Монгол цэргийн “Алтан үе” чуулгын гоцлол дуучин Дэлгэрийн Баянмөнх,

Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Цэрэндоржийн Баясгалан,

Дайчин алдар” чуулгын бүжигчин Борын Дашзэвэг,

Монгол Улсын Консерваторийн зөвлөх багш, дэд профессор Пунцагийн Доржпагам,

Монголын Хүүхдийн ордны төгөлдөр хуурын багш Баяндалайн Уушанз

 

 

АЛТАН ГАДАС ОДОНГООР:

 

Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Нэргүйн Баярмаа,

“Нюанс” хамтлагийн дуучин Мягмаржавын Боргилчулуун,

Соёлын яамны Соёлын өвийн газрын түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах шинжээч Жамбалдоржийн Мяндас,

Соёлын яамны салбар эдийн засаг, төсвийн бодлого, хөрөнгө оруулалтын бодлого, төлөвлөлт хариуцсан шинжээч Чардагийн Энхтуяа


Ерөнхийлөгч У.Хүрэлсүх урлаг, соёлын зүтгэлтэн, уран бүтээлчдэд баяр хүргэж, гэр бүл, үр хүүхэд, хамт олонд нь сайн сайхныг хүсэв.

Тэрбээр “Аливаа улс орны хөгжил, дэвшлийг тодорхойлдог нэг шалгуур бол тухайн улсын соёл, урлаг. Ард түмнээ соён гэгээрүүлэгч, оюун санааны охь манлай болсон уран бүтээлчид, бүтээлээс нь иргэд суралцан, үлгэр дуурайлал, урам зориг, ухаарал авч, ирээдүй хойчоо төсөөлөн харж байдаг” гэлээ.

Хуваалцах: