Урьд цагт нэгэн ядуу эр ходоодоо тэжээхийн эрхэнд дөрвөн зүг найман зовхист тэнэж наашаа харсныд хонож өнжин хар бор ажилд зарагдан, цаашаа адалснаас далдичин хэсүүчлэн амьдардаг байв. Нэг удаа явж байгаад шөнийн харанхуй болохтой зэрэгцэн даарч бээрэн өлсөж цангаад цааш явж чадахааргүй болсон тул нэгэн хад чулуутай уулын энгэр нөмөр газар олоод унтаад өгч л дээ. Хэдийгээр намар оройхон хүйтэн сэрүүн орж байсан үе таарсан ч тэр шөнө ерөөсөө даарсангүй халуун дулаан тохитой айлд унтаж байгаа юм шиг сайхан гэгч нь бөх нойрсож. Өглөө сэрээд бостол шөнө өлсөөд хоржигнож байсан гэдэс нь дүүрэн цатгалан мэт сэтгэл нь тун чиг өег байж гэнэ.

 

 

Мөнөөх эр орчных нь уул усанд залбирч мөргөхдөө: -Яасан өгөөмөр сайхан баян хангай вэ, үүнээс хойш таныг Баян гэж нэрлэн шүтэж явъя хэмээгээд явахдаа нөмөрт нь унтсан том чулуунд тэрмэн дээлээ нөмөргөж орхиод явсан юм гэдэг. Тэр цагт уулан дээр овоо босгогүй байсан бөгөөд энэ чулуу бол одоогийн том босгол овооны яг бие баруун урд байх том чулуу ажгуу. Үүнээс хойш манай уулыг Баянтэрэм хэмээн нэрлэж зон олноороо шүтэж тахих болжээ. Энэхүү сонирхолтой домгийг Баттайван ламтан надад ярьж өгсөн билээ.

 

Намхан бор толгоддоо торойж л үзэгддэг уул

Нутгийн ард олны залбирч мөргөдөг шүтээн

Сэтэрлэж дархалсан морьд нь сүрэглэж бэлчсэн нутаг

Сүсэглэж биширдэг түмний онголж тахисан хайрхан 

 Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Баянтэрэм уулыг Хар овогт Дамдинсүрэн болон гэргий Х.Чулуунбаатар, үр хүүхэд, ач зээ нар 2022.06.12 өдөр тахиж нутгийн зон олон өргөн дэлгэр оролцож нар хур тэгширсэн сайхан наадам боллоо.

Хуваалцах: