Ногоон навчис сэржигнэж, өнгө өнгийн цэцгийн мандал дэлбээлж, аль хэдийнэ зун цаг иржээ. Хэдийгээр хот ногоорсон ч цасан ширхэг шиг модны цагаан хөвөн энд тэндгүй хийсч нийслэлийнхний тэвчээрийг шалгах боллоо. Жил бүрийн зургадугаар сарын дунд үеэс мод үрээ хаядаг энэ үе харшил болох вий гэсэн болгоомжлол ч бий. Уг нь өдийд модны цагаан хөвөнгөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авдаг. Тэгвэл энэ жил улиас модны унгирал багасгах ямар арга хэмжээ авч байгаа талаар УБЗАА-ны Хотын тохижилт, цэцэрлэгжүүлэлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Сүхбатаас тодрууллаа.
-Сүүлийн үед модны цагаан хөвөнтэй гомдол шүүмжлэл иргэдийн дунд тасрахгүй байна. Энэ тухайд нийслэлээс модны улингарыг багасгах чиглэлээр арга хэмжээ авч байгаа юу?
-Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд нийт 38800 гаруй улиас мод бий. Үүний 46.8 хувь эм улиас байна. Ихэнх улиас мод нь 1960-1970 онд тарьж ургуулсан улиаснууд юм. Улиас нь ойролцоогоор 60 жил насалдаг. Энэ жилийн хувьд цаг агаар тогтворгүй байгаа учраас улиангар оройтож гарсан. Хамгийн ихдээ 14 хоног үргэлжилдэг. Улиас нь байгалийнхаа жамаар хөвөнт үрээ цацаж, энэ нь газар унаж байгальд дахин улиас мод ургадаг. Тодруулбал, эр улиас модны тоосонцор эм модонд бууснаар улиасны цагаан үр агаарт тархдаг. Энэ процессыг зогсоохын тулд эр, эм модны үрлэх мөчрүүдийг тайрч засч хэлбэржүүлдэг. Энэ жилийн хувьд унгиралыг багасгахын тулд нийслэлийн захирагчийн ажлын албанаас даралттай усаар шүршиж унах хэлбэржүүлэх, массыг багасгах, зэрэг ажлын хийж байна. Мөн газраар хөглөрсөн цагаан хөвөнг цэвэрлэх ажлыг нийслэл хотод үйл ажиллагаа явуулдаг 40 гаруй компани гүйцэтгэж байна.
-Жил бүрийн хавар модны мөчрийг тайрсан байдаг. Гэхдээ үр дүн гарч байна уу?
-Нийслэлийн захирагчийн ажлын албанаас та бидний хэлж заншсан модны цагаан хөвөн буюу унгиралыг багасгахын тулд тайралтын ажлыг хийдэг. Тайралтын ажлыг хавар мод нахиагаа дэлгэхээс өмнө тайралтын ажлыг хийдэг. Ингэснээр модноос цагаан хөвөн гардаггүй. Улиасны тайралтын ажлыг эрчимжүүлсний үр дүнд сүүлийн гурван жил багассан.
-Гэсэн ч цагаан хөвөн хаа сайгүй хийсч байгаа нь харшил сэдрээж байна гэж хүмүүс ярих боллоо?
-Ургамлын харшлаар өвчилсөн хүмүүсийн 99.8 хувь нь шарилжнаас, тоос тоосонцорын харшилтай байдаг. Харин улиас модны унгарил нь ямар нэгэн харшил үүсгэх магадлал маш бага бөгөөд статистик судалгаанд 0,02 хувь болохыг батласан” гэв. Уг нь хаврын улиралд хотын ногоон байгууламжийг хэлбэржүүлэн, моддыг танаж, тайрах ажлыг хийдэг. Нэг модноос 100 нахиа задардаг гэж бодоход тайралт хийснээр 50 болгож ялгарах хэмжээг нь багасгасан гэсэн үг. Тиймээс унгирал нь харшил сэдрээх харшилтай болгохгүй гэсэн үг.
Эх сурвалж: TIME.mn Сэтгүүлч О.Цогтбаяр