Саяхан Улаанбаатар Их Сургуулийн Археологийн тэнхимийн багш  доктор Т.Идэрхангайгаар ахлуулсан судалгааны багийнхан Сяньби улсын хаад, язгууртны бунхант булшийг нээн илрүүлсэн нь олны харааг булаав. Эл дурсгалт газрын малтлага судалгаанаас  археологийн салбарын түүхэнд байгаагүй бугын эвэр толгой бүтнээрээ, бас хүний чулуужсан тархи олдсоныг Т.Идэрхангай доктор хэлсэн.

Тэрбээр “Монголд анх удаа 1800 жилийн өмнөх хүний тархи малтлага судалгаанаас илэрч байна. Археологийн малтлага судалгаанаас өмнө нь хүний тархи гарч байсан удаа байхгүй. Дагз орчмын тархины хэлбэр нь хүртэл үлдсэн байна гэхээр хөрсөнд гайхалтай хадгалагдсан болохыг харж болохоор байна. Мөн өнөөдрийг хүртэл булш, бунханаас буга олдож байсангүй.

Ямарваа байдлаар бугыг илэрхийлсэн аль эсвэл эвэр олддог. Гэхнээ бугын толгой малтлага судалгаанаас илэрч байгаа нь маш сонирхолтой олдвор. Одоогоор бүтэн биетэйгээ байна уу, аль эсвэл бугын зүлд үү гэдгийг нь хэлэхэд эрт байгаа” гэв.

 

Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг Говил уулын ар бэлээс олдсон эл Сяньбигийн үеийн язгууртны бунхант булшны малтлага судалгааны орчимд нийт 19 бунхан байх агаад 13 нь язгууртных бол 5 нь энгийн иргэнийх аж. Мөн малтлага судалгааны үеэр нэг ч бунхан тоногдоогүй байгаа нь онцлог юм. 

Хуваалцах: