Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар эртний нийслэл Хархорум хотыг сэргээн байгуулахаар болсон. Энэ талаар Чингис хаан музейн захирал, академич С.Чулуунтай ярилцлаа. 

-Хархорум хотыг хүмүүс эртний нийслэл гэдгээр нь мэднэ. Судлаачид энэ хотыг торгоны замын гэж үздэг юм билээ. Хэрэв Хорхорумыг сэргээвэл  аялал жуулчлалын бүс болох нь?

- Монгол Улс тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан 111 жилийн ойн өдөр буюу 2022 оны арванхоёрдугаар сарын 29-нд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хархорум хотыг сэргээн байгуулах тухай зарлиг гаргаж Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгсөн. Энэ нь эртний монголын эзэнт гүрний нийслэл, мөн дэлхийн нийслэл Хархорум хотыг сэргээн байгуулах тухай юм. 

Өөрөөр хэлбэл Монголчуудын 2000 гаруй жилийн төрт ёсны уламжлал тасралтгүй үргэлжилсэн энэ түүхт газар дахин нийслэл байгуулах шийдвэр гарсан. Засгийн газарт зарлиг болгосны дагуу урьдчилсан төлөвлөгөө, техник эдийн засгийн үндэслэл, нийгэм-эдийн засгийн шаардлага, түүх соёлын дурсгал өв уламжлал, байгаль орчинд ээлтэй эко нийслэл байгуулах зорилготой шинэ хот байгуулах зорилготой гэж харж байна.

Өнөөдөр Чингис хаан музейд 2000 гаруй жилийн  төрт  улсын түүхийг цогцоор үзэж танилцдаг бол алсдаа Орхон, Тамир, Туулын хөндийд очиход төрт улсын түүхийг цогцоор үзээд явж болох ийм л сүлжээг бий болгох ёстой. Хот байгуулахдаа түүх соёлын дурсгалыг гэмтээж хөндөж болохгүй. Сэргээх хэрэгтэй, үндэсний хэмжээний томоохон судалгаа хийх шаардлагатай.

Түүх соёл дээрээ тулгуурлан урт хугацаанд аялал жуулчлалын бааз суурь болох боломжыг бүрдүүлэх ёстой. Өнөөгийн их бүтээн байгуулалт, технологийн өөрчлөлтөд Орхон,Тамир, Туулын сав хөндий дэх гайхамшигт дурсгалуудад сөрөг нөлөө үзүүлэх вий гэдгийг тооцож судлах ёстой. Эдийн засгийн хүчин чадал, аялал жуулчлалын нөөц боломжийг нарийн харах хэрэгтэй.

Гол нь байгаль экологийн асуудал маш чухал. Орхоны хөндийд томоохон голуудын ай сав газар бий. Иймээс цогцоор нь харвал Хархорум хотыг сэргээх бүрэн боломж байгаа. Энэ бол түүхэн ач холбогдолтой шийдвэр. Бас том зориг. 

-Тэгэхээр Монгол Улсын хоёр дахь нийслэл Хархорум хот байх юм байна. Гэхдээ зарим хүмүүс яагаад заавал Хархорумд шинэ хот байгуулахаар болов гэж гайхаж магадгүй ?

 

- “Алсын хараа 2050”-д тодорхой заалт хуульчлагдсан шүү дээ. Хархорумд хот байгуулах тухай. Хот байгуулах гэдэг нь урт удаан хугацаанд хийгднэ. Ингэхдээ олон талын хүчин зүйлийг анхаарна, нийгэм-эдийн засгийн тулгуур үндсэн тэргүүлэх чиглэлүүдээ харна. Ингэж хотын үндсэн төлөвлөлт зохион байгуулалтыг гаргадаг гэж бодож байна. Бид нар түүх соёлын талаас нь харж байна.

Харин эдийн засгийн нийгмийн хүчин зүйл талаас нь хэрхэн судлах талаар өөрсдийн санал бодлоо мэргэжлийн хүмүүс хэлэх байх. Зарлиг гараад маргааш хот байгуулчихна гэсэн үг биш. Тодорхой үе шаттай, нарийн нягт судалгаа шинжилгээ хийх ажил. 2030 он хүртэл бүх нийгэм эдийн засгийн үндэслэл, дэд бүтцийн асуудал нарийвчилсан судалгааны асуудал цогцоор нь хийх ажил явж байна гэж харж байна.

Нөгөө талаар, Хархорум хот монголчуудын  хувьд нийслэл байх хэд хэдэн үндсэн шалтгаантай. Түүхийн хувьд, нэгдүгээрт өнөөгийн Монгол Улсын  улс төрийн түүхэн төв байсан. Хоёрдугаарт, Монголын бүх үеийн түүхэн өв соёл,  байгаль цаг уурын тэнцвэрт газар нутаг. Гуравдугаарт, эзэн Чингис хаан хүн төрөлхтөнд хүчирхэг эзэнт гүрнийг байгуулж дэлхийг эрхшээн захирч байсан түүхтэй газар нутаг.

Үүний дараа өрнө дорныг холбосон худалдаа торгоны замын гол сүлжээ боомт зангилаа байсан юм. Эзэнт гүрний худалдааны гол төв болох Хархорум хот зөвхөн эзэнт гүрний үед төдийгүй Уйгур, Түрэгийн үед томоохон нийслэлийг байгуулж байсан. Тамирын хөндийд Луут хот, Жужаны Мөөмт хот, Уйгурын Хар балгас зэрэг томоохон хот балгас энд байгуулагдсан түүхтэй. Эртний нийслэл Хархорум зөвхөн эзэнт гүрнийх байгаагүй.

Дэлхийн нийслэл байсан. Мин улсын үед шатаагдсан ч бурхны шашин дахин дэлгэрэх үед ахин сэргэхдээ Эрдэнэзууг анх байгуулсан. Түүнээс хойш өндөр гэгээн Занабазарын анхны сүмүүдийн нэг Баруун хүрээ буюу Шанхын хийд энд байгуулагдсан. Хожим нь Манж Чин улсын үед ч Түшээт хан аймгийн буюу Түшээт хааны хошуу буюу Монголын голомт тэнд төвлөрч байлаа.

Түүхэндээ Хархорум хот олон үедээ монголчуудын голомт нутаг, төв байсан юм. Нүүдлийн ахуй амьдрал, иргэншлийн бүхий л түүхийг харуулж чадах боломжит газар. Тиймээс судлаач нар нийгэм эдийн засгийн үндэслэлийг нягт нарийвчлан судалж зөв ойлголцож төрийн бодлогыг зохистой хэрэгжүүлэх шаардлагатай.

Үндэслэлгүй муйхарлан шүүмжлэх биш шинжлэх ухаанч санал бодлоо уралдуулж байх ёстой. Мэдээж Улаанбаатар, Хархорум хотын дэд бүтцийн асуудал, өрнө дорнын худалдаа эдийн засгийн гол уулзвартай яаж холбогдох зэрэг  гээд олон асуудал бий.  Мэргэжлийн хүмүүсийн асуудал. 

-Гол нь хотын ерөнхий төлөвлөгөө, судалгаа, зохион байгуулалт чухал шүү дээ ?

 

-Мэдээж Хархорум хотыг сэргээн байгуулахад хоёр зүйлийг чухалчлах хэрэгтэй. Нэгдүгээрт, дэлхийн өвд бүртгэгдсэн өв соёлын голомт энэ газар нутгийн түүх соёлын дурсгалыг чухалчлах хэрэгтэй. Та бүхэн мэднэ, эртний Ром хотыг яаж орчин үетэй хослуулан хөгжүүлж байна, Грекүүд Афиныг гэх мэт.

Хоёрдугаарт, байгаль экологийн буюу нүүдэлчдийн иргэншлийн өвөрмөц дүр төрхийг хадгалсан орчин үеийн технологийн дэвшлийг шингээсэн байгальд ээлтэй цогц хотыг бий болгох ёстой. Өөрөөр хэлбэл, уламжлал-шинэчлэл байгаль-экологи, эдийн засгийн нөөц гэсэн дөрвөн зүйлийг цогцоор нь анхнаас нь зөв төлөвлөж байгуулбал монголчуудын хувьд зөв нийслэл байгуулах бүрэн боломжтой.

Аль нэгийг нь доголдуулах, сөрөг нөлөө үзүүлэхүйц хэмжээний хот байгуулбал алдаа болно. Өөрөөр хэлбэл, шинэ орчин үеийн хотыг байгуулахдаа уламжлалт олон мянган жилийн дурсгалыг сүйдэж гэмтээх аюулаас сэргийлэх. Нөгөөтэйгүүр, байгаль экологийн тэнцвэрийг хадгалах ёстой.

Орхоны хөндий бол маш үзэсгэлэнтэй газар. ЮНЕСКО-гийн өвд бүртгэгдсэн энэ газрыг зөв зохистой ашиглах хэрэгтэй. Дээр нь монголын баруун зүүн төв бүх хэсгийн худалдаа эдийн засгийн эргэлтийн төв газар шүү дээ. Дөрөвдүгээрт, аялал жуулчлалын зохистой хөгжлийг бий болгох нь чухал. Бид соёлын аялал жуулчлалыг явуулах бүрэн боломж нь Хархорум, Орхоны хөндийд түшиглэж хөгжинө.

Өөрөөр хэлбэл, шашны аялал жуулчлал гэвэл Эрдэнэзуу, түүх соёлын аялал жуулчлал Хархорум болон Орхоны хөндий. Мөн байгалийн таатай орчин гэвэл Хангайн бүс Орхон тамирын сав нутаг. Тэгэхээр аль аль талаасаа аялал жуулчлалын зохистой бүс нутаг байгаа юм.  Нөгөөтэйгүүр, бид түүх соёлын  уламжлалаа хадгалж хамгаална гэж шинийг бүтээж болохгүй гээд үгүйсгэх нь өрөөсгөл.

Аль алиныг нь хослуулах чухал. Ийм жишиг олон улсад бий. Японы Киото, Нара хот байна. Мөн Бээжин гэхэд Юань эзэнт гүрний үеийн Хаанбалгас шүү дээ. Хаалттай хот байна. Москва ч мөн адил. Истанбул ч байна. Хуучин хотын өв соёлыг хамгаалж тойруулж шинэ хот байгуулсан дэлхийн жишиг олондоо. 

-Энд танхимын гол хэсэгт байрлах Хархорум хотын зураг төслийн  макет анхаарал татлаа. Хэзээнийх вэ?

-“Чингис хаан” музейд яагаад наймдугаар давхарт Монгол бахархалын монголын эзэнт гүрний нийслэл Хархорум хотын макет байна вэ гэхээр монголчуудын хүн төрөлхтөнд оруулсан хувь нэмрийн нэгээхэн том зүйл нь Хархорум хот юм. Өөрөөр хэлбэл, хүн төрөлхтөн олон хэл, олон соёл, олон шашинтай хүмүүс нэг хотод амьдарч чадаж байна.

Тэгвэл Хархорумыг байгуултал ийм байж чадаагүй. Хоёрдугаарт, Хархорум хотод дэлхийн урчууд ур ухаанаа шалгадаг байсан газар. Мөнх хааны үед 2000 орчим гадаадын урчууд ур ухаанаа сорьдог байсан. Тэд Монголын их эзэн хааны орд өргөө барих, мөнгөн модноос эхлээд том бүтээл урлах зэрэг.

Гуравдугаарт, энэхүү макетад тухайн үеийн нүүдэлчдийн байгуулж буй хот ямар нарийн зохион байгуулалттай хот байсныг харуулж байна. Тухайн үед монголчууд хот төлөвлөж чаддаг байсан. Тэгэхээр өнөөдөр бараг 800 гаруй жилийн дараа байгуулж буй хотыг үүнээс илүү сонгодог байдлаар байгуулах хэрэгтэй. Хар хорум хотыг байгуулсан загвар хожим нь  XIX XX зуун хүртэл монголд үргэлжилсэн шүү дээ.

Сүм хийдүүд баруун урд тал аль эсвэл зүүн урд талд нь нуур цөөрөм байгуулдаг. Баруун зөв төв хаалгатай, хааны ордон хоймор хэсэгт байрладаг зохион байгуулалт үргэлжилж явсан. Тэгвэл Хархорумын хот байгуулалт бүр Хүннүгээс уламжилсан. Ингэхээр монголчуудын хот байгуулалт гэдэг чинь 2000 жилийн турш тасрахгүй уламжилж ирсэн түүхтэй ард түмэн. Ийм уламжлалтай бид өнөөдөр дахин хот байгуулахдаа сайтар анхаарч уламжлал шинэлчлэлийг хослуулсан сонгодог хот байгуулах ёстой гэж үзэж байна.

Ер нь монголчууд хот суурин газар сүм хийд байгуулахдаа газар сонгохоос эхлээд хамгийн зөв сонголт хийдэг байсан. Байгаль экологид нөлөө багатай, гэнэтийн үзэгдэлд өртөх магадлалыг багаар тооцох, үер усанд автахгүй, гол усны тохойг зөв харах маш зөв төлөвлөдөг байсан.

-Таны хэлсэнчлэн Орхоны хөндийд  Хархорум хотын туурь, ”Эрдэнэ зуу”, “Хархорум” музей, Түрэг улсын Билгэ хаан болон түүний төрсөн дүү Күльтегин жанжны түүхийг өгүүлэх “Хөшөө цайдам” музей, Уйгурын анхны нийслэл Хар балгасын туурь зэрэг түүх, шашин, соёлын олон арван байгууламж энд бий. Нүд алдам түүх соёлын үнэт дурсгалуудын дээжис ч “Чингис хаан” музейд байна. Орхоны хөндий дэх түүх соёлын дурсгалуудаас онцолбол Хархорум хотын туурийн орчмоос олдсон дөрвөн яст мэлхийний нэг нь энд байгаа бололтой?

 

-Орхоны хөндийгөөс олдсон олон дурсгалууд байдаг. Энэ бүгд хүн төрөлхтөн монголын эртний нийслэл  Хархорум нийслэлтэй харилцаж байсныг харуулдаг. Жишээ нь, Эртний Египетийн фараоны маск, Төв азийн буддын шашны дурсгал, Төв Ази болон Сүн, Мин зэрэг Хятадын уламжлалт төр улсын үед үйлдвэрлэж байсан аяга шаазан, төмөр эдлэл, тоосго зэрэг урчуудын бүтээл энд харагдаж байна шүү дээ.

Дахин хэлэхэд, Хархорум хот хүн төрөлхтний нийслэл байсан юм.  Бид хүн төрөлхтөнд тийм хүчирхэг байсан нийслэлийг дахин тэр бүс нутагт шинэ хотоо байгуулахаар төрийн шийдвэр гарч байна. Мөн Хархорум хотын гэрэлт хөшөө энд байгааг та бүхэн харж байна. 

 

-Улс төр, түүх соёлын түүхэн дурсгалт эртний хот Хархорум нь аялал жуулчлалын гол бүс, эдийн засгийн хувьд чухал ач холбогдол хүлээлт үүсгэж байна. Гэсэн ч хоёр дахь хот болбол түүхэн дурсгалыг хамгаалах талаас хэрхэн харж байна. Энэ тухай судалгаа байдаг уу?

 

-Нэн тэргүүнд манай түүхч, археологичид энэ асуудалд олон жилийн судалгаа хийж байсан. Гэхдээ Хархорумын сууринаас гадна Орхоны хөндийн бүс нутаг нь олон дурсгалтай. Энэ өв соёлын дурсгалыг нэн тэргүүнд нарийвчлан судлах, дурсгалуудад үндэслэн аялал жуулчлалын бүтээгдэхүүн бий болгох, аялал жуулчлалын томоохон суурин газруудыг бий болгох, сүлжээ хоорондын уялдаа холбоог бий болгох ёстой. Технологийн өөрчлөлтөд орхон тамирын хөндийн дурсгалуудад нөлөө үзүүлэх вий гэдгийг бодож судлах ёстой. Эдийн засгийн хүчин чадлыг харах хэрэгтэй, аялал жуулчлалын нөөц боломжийг харах хэрэгтэй.

- Өмнө нь 2017 онд Торгоны зам ба эртний нийслэл Хархорум хот арга хэмжээг зохион байгуулж байсан. Гэхдээ хот болгох хэмжээнд өнөөдрийг хүртэл дорвитой шийдэл байгаагүй?

 

-Эртний нийслэл Хархорумд  хот байгуулах тухай 1990 оноос хойш олон санал гарч байсан юм билээ. Энэ тухай  улс төрчид ярьдаг, судлаачид хэлдэг. Хархорум хотыг эргэн сэргээх тухай асуудал сөхөгддөг байсан ч ямар арга замаар, төр ямар бодлого гаргаж, ач холбогдол болгож судалгаа шинжилгээний үндэслэл байх ёстой гэдгээ тогтож тодорхой шийдвэр бага гарсан.  

-Орон нутаг орхигдож, соёлын өв хулгайчдын гарын үзүүрт тоногдох болоод удлаа. Нэг үеэ бодвол төр өв соёлыг хамгаалахад анхаардаг болсны нэг нь Хархорум хот. Алсдаа 2030 оноос хойш хоёр дахь хотыг байгуулбал бусад түүхэн дурсгалт газруудыг хот болгох салхийг нь хагалах бололтой?

-Хархорум хотыг малтаж эхлээд 100 гаруй жил болж байна. Анх Оросын эрдэмтэд Хархорумын малтлага судалгааг олон үе шаттай явуулж байлаа. Гэхдээ эртний нийслэлийн 1/10 хувийг ч малтаагүй шүү дээ. Тэр бүх зүйлийг малтлага судалгааг цогцоор нь явуулахад хуучин хотын туурийг бүхэлд нь үзэж судлах асуудал юм.

Дээр нь Хархорины бүс нутагт олон хотууд байна. Дойтын Цагаанбалгас, Уйгур түрэгийн үеийн хотууд, хар балгасын судалгаа, түрэг, уйгурын үеийн язгууртны булш бунханууд, уйгурын бунхант булш байна. Олон үеийн төрт улсын түүхүүдийг цогцоор нь судлах бололцоотой. Үүнийг яаж судалгаа шинжилгээнд ашиглах вэ, байгуулсан хотын нөлөөнд автуулах байх, аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгох зэрэг нь чухал байх.

Хотын ерөнхий төлөвлөгөөг гаргахад эдийн засгийн хөгжлийн сайдын багцаас 40 гаруй тэрбум шаардлагатай гэж үзэж буй. Хэрэв УИХ-аас “Орхоны хөндийд хот байгуулах тухай” тогтоолыг төслийг баталбал ТЭЗҮГ нь боловсруулна гэдгийг мэдэгдсэн. Урьдчилсан байдлаар нийт 250.5 мянган га газрыг судалж байгаа юм билээ. Ингэхдээ Тоглохын талд 40.4 мянган га, аль эсвэл Өгий нуур орчимд 168.6 мянган га,  мөн Онгоцон хөндийд 41.4 мянган га гэсэн гурван байршлын саналыг тусгасныг албаныхан мэдээлсэн. Ямартай ч ажил хэрэг болгох нь чухал. Өнгөрсөн хугацаанд олон төсөл хөтөлбөрүүд цаасан  дээрээ “өтөлсөн”.Үүний нэг нь  Хархорбум хот болчих вий гэх болгоомжлол бол бий?

-Би санхүү, эдийн засгийн асуудлыг мэдэхгүй. Миний хамаатай асуудал биш. Түүхчийн хувьд Хархорум хотын бүс нутагт судалгаа шинжилгээ хийх ёстой, мэдээж тодорхой зардал гарах байх гэж бодож ярьж байна. Үүнийг хариуцсан яамдууд бусад салбарынхан мэдэх байх. 

Хот байгуулна гэдэг чинь өнөөдөр нь яриад маргааш нь болчихдог асуудал биш байхдаа. Хамгийн чухал нь төр засгийн шийдвэр гарч ажил хэрэг болох ёстой. Түүнд төр ч хувь иргэн ч нэгэн зорилго чиглэлтэй байвал болох байхаа.

-Ярилцлагын төгсгөлд Хархорум хотын талаарх олон судалгаа шинжилгээ хийж байсан гэлээ.  Таны харж байгаагаар алдаа дутагдалтай тал нь юу байна?

 

-Судалгаанууд олон удаа хийгдсэн. Нэг алдаа нь, тогтвортой судалгаа явуулаагүй. Тогтвортой явуулсан ч цараатай судалгаа хийгээгүй. Зөвхөн гадныхантай хамтарсан судалгаа хийсэн. Гадныхан санхүүгийн дэмжлэг үзүүлэхгүй оролцохгүй бол орхидог. Системтэй судалгаа байгаагүй.

Тиймээс үндэсний хэмжээний томоохон экспедиц ажиллах хэрэгтэй. Том баг, 5-8 жил ажиллах хэрэгтэй. Үгүй бол нэг булангаас барилгын туурь малтаж, нэг жижиг хэмжилт хийж орхидог бол цааш явахгүй. Оочин цоочин судалгаа хийх биш үндэсний хэмжээний цогц судалгаа хийх ёстой.

Одоо тогтвортой системтэй нэгдсэн судалгаануудыг орхоны сав хөндийг цогцоор нь хийснээр үр дүн гарах нь чухал. Шинэ хот байгуулахад чухал нөхцөлийг бүрдүүлж чадна. Гэхдээ Хархорумын бүс нутагт хот байгуулах гэж байгаа гэж ойлгож байгаа болохоос хуучин туурь дээр байгуулах гэж байгаа биш шүү дээ. Тухайн бүс нутагт байгуулна гэж ойлгож болно. 

Сэтгүүлч: Б. Дэлгэрцэцэг

Хуваалцах: