Маш том усан спортын төв... буун дуу тас хийж, тамирчид гараанаас гарлаа. 50 метрийн мэлхий сэлэлтийн төрөл аж. Яах ийхийн зуургүй л гараанаас гарсан тамирчид барианд орох нь тэр. Гэтэл нэгэн эмэгтэй орилж байснаа учиргүй уйлж гарав. Тэр том зааланд хаана ямар эмоци гарч байгааг алдахгүй “буудахаар” хүлээж байсан зураглаач ч тэр эмэгтэй рүү дурангаа чиглүүлэв.
Усан спортын төвийн голын том дэлгэц дүүрэн эмэгтэй гарч, өөрийгөө дэлгэцээр гарч байгааг ч анзаарах сөхөөгүй чин сэтгэлээсээ баярлах тэрбээр танхим дүүрэн үзэгчдийн анхаарлыг саяхан барианд орсон тамирчдаас илүү татах аж. Тэр чин сэтгэлээсээ баярлаж байна...
Автобус хөдлөх дөхөж, зорчигчид суудлаа эзлэв. Нэгэн гадаад эмэгтэй хажууд ирээд “Хажууд чин сууж болох уу” хэмээн зөвшөөрөл аваад, суув. Дараагийн тэмцээний талаар, саяхан болж өнгөрсөн усан сэлэлтийн талаар бодол болж явтал хажууд суусан өнөөх эмэгтэй цүнхээ уудлан нэгэн зүйлийг өгсөн нь “Special Olympics Australia” гэсэн бичиг бүхий хүзүүний зүүлт аж. Тэрбээр суудал тавьж өгсөнд талархан дурсгаж байгаа гэв. Яг үнэндээ энэ автобус зөвхөн надад зориулагдаагүй учраас би түүнд суудал тавьж өгсөн нь тийм ч талархмаар зүйл биш билээ...
Хэсэг бодол болж явснаа завсарлаж, хажууд суух найрсаг эмэгтэйг түрүүхэн том дэлгэцээр харснаа санав. Түүнээс та “Түрүүн уйлаад байсан эмэгтэй мөн үү” хэмээн асуухад тэрбээр инээмсэглэн “Тийм ээ” гэснээ ярьж эхлэв. Тэр миний бодож байснаас ч найрсаг нэгэн байв.
Тэрбээр Австрали улсаас ирсэн Тусгай олимпын усан сэлэлтийн багийн эмч аж. Түүний хувьд дөрвөн оюуны бэрхшээлтэй хүүхдийг ээж, аавдаа хаягдаад байхад нь өргөж авсан гэнэ. Тэднийг ямар нэг спортоор хичээллүүлэх ёстой гэж тэрбээр үзсэн учраас багш хөлслөн усан сэлэлтээр хичээллүүлжээ. Хүүхдүүд ч өсч том болохын хэрээр хичээллэж буй спортдоо амжилт гаргах болсон тул энэ удаа Тусгай олимпын наадамд нэг хүү, дауны синдромтой нэг охиноо авч иржээ.
Хүү нь “ээж”-ийнхээ ачийг хариулж, мөнгөн медалийн болзол хангаж буй мөчийг хараад өнгөрсөн хугацаанд хичээж, зүтгэснийхээ үр шимийг мэдрэн баярлаж, бас уйлж байсан тэр баярт мөчийн гэрч болжээ...
Тэрбээр 50 орчим насны эмэгтэй аж. Түүний ээж нь амьд сэрүүн төдийгүй, 80 гарч яваа хэмээн хэлээд зургийг нь үзүүлэв. Тэрбээр долоон хүүхэдтэй айлын дунд охин аж. Багаасаа олуулаа өссөн учраас олон хүүхэдтэй болох нь түүний мөрөөдөл гэв.
Түүний төрсөн охин нь цагдаа. Тусгай олимпын үеэр сайн дураараа ажиллаж, тамирчид болон олон орны зочид төлөөлөгчдийн амар, тайван байдлыг хангаж буй хэмээн хэлээд мөн л зургийг нь үзүүллээ.
Тэгснээ Тусгай олимпын наадамд оролцож буй хүү, охин хоёрынхоо зургийг үзүүлэв. Охин нь дауны хам шинжтэй ч гэсэн уншиж, бичиж, цахим шуудан явуулж чаддаг талаар, мөн тогооч болохоор суралцаж буйг нь ярив.
Харин хүүгийнхээ талаар ярихдаа “Тэр маш даруухан, бас хичээнгүй. Тэр бол миний баатар” хэмээн бахархалтай нь аргагүй ярив.
Тэр эмэгтэй өөрийнхөө бахархлыг өөрийн гараар тарьж, ургуулжээ. Түүний үг бүрээс ямар “том хайр”-ын ундарга болохыг нь мэдрэв. Ийм “том хайр” хүн бүрийн зүрх сэтгэлд бий. Гэхдээ түүнийгээ бусдад түгээх нь ямар үнэ цэнэтэй вэ гэдгийг тэрбээр батлан харуулсан. Түүний “том хайр”-ын үнэ цэнэ нь түүний бахархал болсон хүүхдүүд нь аж...
Абу Дабигийн Тусгай олимпын Зуны 15 дугаар наадам.
2019.03.17 Дубай
Мэдээллийн ивээн тэтгэгч: СҮНДИЙ САН
Сэтгүүлч: Б.Цэдэвсүрэн
Гэрэл зургийг: Б.УУГАНСҮХ