Засгийн газрын 2020 оны хоёрдугаар сарын 19-ний хуралдаанаар Монгол, Францын Засгийн газар хооронд байгуулсан Санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлэх тусгайлсан зээлийн хэлэлцээрийн төслийг хэлэлцэн дэмжиж, Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг олгосон билээ.

Төслийн хүрээнд хэт хүйтний нөхцөлд гал түймэр унтраах, олон төрлийн, тусгай зориулалтын 42 шинэ автомашин, агаараас эрэн хайх, аврах эмнэлгийн тусламж үзүүлэх ажиллагаанд зориулж тоноглогдсон Airbus EC-145 загварын гурван нисдэг тэрэг, нисгэгчдийг сургах бага оврын нэг нисдэг тэрэг, симулятор, нисдэг тэрэг байрлах ангар, шатахуун цэнэглэх станц нийлүүлэхээр болсон юм.

Онцгой байдлын байгууллагад нисэх нэгж шинээр байгуулан, нисдэг тэрэгний 12 нисгэгч, 12 механик, авианик, ослын үеийн яаралтай тусламж үзүүлэх гурван эмчийг бэлтгэж сургах ажлууд багтжээ. Тус төслийг нийт 57,9 сая еврогийн хөнгөлөлттэй зээлээр Францын төрийн сангийн “Натиксис” банкаар дамжуулан санхүүжүүлж, эхний 10 жилд үндсэн зээлийн төлбөрөөс чөлөөлөгдөн 30 жилийн хугацаанд жилийн 0.08 хувийн хүүтэйгээр төлөхөөр тохиролцоод байна.

Тэгвэл Улсын онцгой комиссын баасан гарагийн хуралдааны дараа Шадар сайд Ө.Энхтүвшин, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл нарын хооронд нэгэн аминчхан яриа өрнөсөн нь Францаас нийлүүлэх нисдэг тэрэгний тухай байв. Байв гэдэг нь хөнгөлттэй зээлийн хүрээнд Онцгой байдлын албанд нийлүүлэх дөрвөн нисдэг тэрэгний нэгийг нь Эрүүл мэндийн яаманд нийлүүлэх тухай байсан юм. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл ч энэ асуудлаар Шадар сайдтай ганцаарчилсан яриа өрнүүлж, эцэстээ яамандаа нэгийг авахаар албан бусаар аман тохироо хийж чадсан нь гэрэл зургийн хальснаа ийн үлджээ. Хэрвээ уг хоёр эрхмийн албан бус тохироо ажил хэрэг болбол Эрүүл мэндийн яам өөрийн  агаараас эрэн хайх, аврах эмнэлгийн тусламж үзүүлэх ажиллагаанд зориулж тоноглогдсон Airbus EC-145 нисдэг тэрэгтэй болох нь.

Хуваалцах: